Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

Алхаад байх уу, залуусаа...

5/31/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments


















Бүгдэнд энэ өдрийн мэнд!
Клубыхан өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар урин дулаан цаг ирж, бас бүгдэнгийнх нь хичээл ном завсарлаж байгаа учир хамтдаа салхинд гарч явган аялал хийхээр ярилцлаа. Аялалын маршрут явганаар Богдхан уулын Цэцээ гүн оргилоор дайраад Манзуширын хийд хүрээд буцаад Улаанбаатарлуу унаагаар ирнэ.
Явган аялалд оролцох эрх клубын шинэ хуучин гишүүд, үйл ажиллагаанд оролцож байсан бүгдэнд нь нээлттэй. Уух уус, зам зуурын бага сага хүнс, бас алхахад эвтэйхэн хувцас хэрэглэлээ бэлдээд ирээрэй. Аялал 6-р сарын 7-ны Ням гарагийн 08.00 цагт Соёлын төв өргөөний үүднээс эхэлнэ.

Аялалд оролцох бол өмнө нь 99022416-руу холбогдож заавал бүртгүүлээрэй.

PS: Энэ зургийг санаж байна уу, авахуулж байсан үеэс нь 3 жил өнгөрсөн байна.

Алаг хүн

5/18/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 3 Comments

Клубын нэг уулзалтан дээр сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн “Улаан хүн” өгүүллэгийг уншиж, өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлэх явцад өгүүллэгийн хэллэг энгийн боловч илэрхийлсэн санаа нь надад тулгардаг асуудлуудыг маш ойлгомжтой, сонирхолтойгоор тавьсан байсан. Өөрөөр хэлбэл миний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьдралын үнэт зүйлс, үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд бусад хүмүүс болон нийгмийн зүгээс нөлөөлдөг нөлөөллийг бүдүүвчлэн гаргасан мэт. Тэгэхээр энд би өөрт төрсөн бодлоо бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Тус өгүүллэгт гардаг маш эртний уламжлалтай гэх солонгийн долоон өнгийн Улаан, Шарын бүлэг нь хуучны зан заншил, соёл уламжлал дээр тогтсон амьдралын хэв маяг, үзэл суртлыг илэрхийлж байна. Энэ нь аливаа зүйлсийн цаад учир шалтгаан, мөн чанарыг нь сайтар мэдэхгүй атлаа уламжилж ирсэн үзэл бодол, амьдралын хэв маягийг хувь хүнд шууд тулгаж, түүнээс гажсан нэгнийг олон хэлбэрээр шийтгэж, залхааж байдаг хэлбэрийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хувь хүмүүсийг нэгэн хэвэнд цутгасан мэт адил байхыг шаардаж, үүнээс зөрсөн тохиолдолд хувь хүний эрх, эрх чөлөөг булааж авахаас ч буцдаггүй. Миний өдөр тутмын амьдралд хэн нэгнээс энэ мэт дарамт шахалт ирдэг. Тухайлбал ах маань хуучны Монгол заншил нэрээр надад таалагддаггүй олон зүйлийг хийлгэхийг хүсдэг. Түүнд Монгол зан заншлаа надад хүчээр заах нь чухал болохоос миний дуртай, дургүй байгаа нь тийм ч чухал биш.

Цагаан сараар л гэхэд ууцны мах эвдэж суруулахаар бүтэн оройжин махтай ноцолдуулж, гарыг минь амьтны цусаар будсан. Энэ надад сайхан байгаагүй ээ.
Мөн өгүүллэгт хүүхдүүд төрөхдөө яг ижил өнгөтэй төрдөг боловч өсөж, томрохын хэрээр өнгө нь өөрчлөгдөж, хэрвээ эцэг эхээсээ өөр өнгөтэй бол тэрхүү өөрийн хувирч буй өнгийн бүлэгт хаягдах зовлонг амсдаг тухай дурдсан байдаг. Энэ нь гэр бүл, найз нөхөд, нийгмийн зүгээс хуучны гэх тэрхүү зан заншил, соёл уламжлал, амьдралын хэв маягаас гажсан тохиолдолд шийтгэл хүлээлгэж байдгийг илтгэжээ. Миний бодлоор хувь хүний үзэл бодол, эрхэмлэх зүйлс нь түүний амьдралын явцад бүрэлдэн тогтдог болохоос төрөхдөө уламжилж ирдэг юм биш. Тиймээс ч хүн амьдралдаа маш олон сонголт хийх боломжийг эдэлж байдаг. Гэтэл урт удаан хугацаанд ноёрхсон Улаан, Шарын мэт амьдралын хэв маяг нь хувь хүнд тэрхүү сонголт хийх боломжийг төрөхөд нь л үгүй хийж байна. Учир нь өөрсдийн менталитетийг тухайн хүүхэд шууд хүлээж авахыг тулган, өөрсдийн амьдралын хэв маягаар явахыг шаардаж байна. Ингэснээрээ сонголт хийж мэддэгүй, аливаа зүйлийн цаад мөн чанарыг тунгаан боддогүй, бусдыг аялдан дагагч нэгнийг багаас нь бэлтгэж, хувь хүний эрх, эрх чөлөөг боймилж, амь бөхтэй оршин буй тэрхүү нийгмийн залгамж халааг бэлдэж байна. Үнэндээ эдгээр бүлгүүдэд хамаарах хүмүүс тухайн амьдралын хэв маягийн үнэн дүр төрхийг сайтар мэддэгүй, зөвхөн тийм л байх ёстой гэсэн үзэл бодлоор бүх зүйлд ханддаг, нэг ёсны амьгүй албатууд болж төлөвшдөг. Үүний тод жишээ нь төвлөрсөн төлөвлөгөөт социалист нийгмийн төлөвлөгдсөн зарим иргэд юм.

Харин би энэ хэв маягийг эдвэх ёстой гэдгийг илэрхийлэгч алаг хүн байхыг хүсч байна. Алаг хүн хэдий болзол тавьж, Улбар шар хүнд тусалдаг боловч “үнэгүй юм гэж байдаггүй” гэдгийг мэддэг, шинийг эрэлхийлэгч, амьдралдаа идэвхитэй ханддаг, нөхцөл байдалд амархан зохицдог, эрх чөлөөгөө бүрэн мэдэрсэн хувь хүний жишээ болж байна. Алаг хүн амьдралын баяр баясал, хөгжил цэнгэлийг мэдэрдэг, түүндээ тэмүүлдэг, энэ нь ч түүний индивидуаль байдалтай холбоотой байх. Тиймдээ ч би өөрийнхөө эрх, эрх чөлөөг мэдэрч, бусдад садаа болохгүй, хэн нэгний төлөвлөснөөр амьдрахгүй, өөрийн сонголтоор амьдрахыг хичээдэг.

Клубын нэг гишүүнээс ирүүлэв.

Өөрчлөх боломж

5/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment



Тайлбар: Энэ бол клубын гишүүн Номин миний нэгдэж буй байр суурь болохоос "Хөгжицгөөе" клубын нийт гишүүдийг байр суурийг илэрхийлэхгүй болно.