Эрх чөлөө хүн бүрт заяамал учир бид зөвхөн өөрийн хувь заяагаа өөрөө л мэдэх ёстой гэж итгэдэг, энэ үзэл санаагаа түгээх, хамтдаа хөгжих зорилготой оюутан, залуус.

Алхаад байх уу, залуусаа...

5/31/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments


















Бүгдэнд энэ өдрийн мэнд!
Клубыхан өнгөрсөн долоо хоногийн уулзалтаар урин дулаан цаг ирж, бас бүгдэнгийнх нь хичээл ном завсарлаж байгаа учир хамтдаа салхинд гарч явган аялал хийхээр ярилцлаа. Аялалын маршрут явганаар Богдхан уулын Цэцээ гүн оргилоор дайраад Манзуширын хийд хүрээд буцаад Улаанбаатарлуу унаагаар ирнэ.
Явган аялалд оролцох эрх клубын шинэ хуучин гишүүд, үйл ажиллагаанд оролцож байсан бүгдэнд нь нээлттэй. Уух уус, зам зуурын бага сага хүнс, бас алхахад эвтэйхэн хувцас хэрэглэлээ бэлдээд ирээрэй. Аялал 6-р сарын 7-ны Ням гарагийн 08.00 цагт Соёлын төв өргөөний үүднээс эхэлнэ.

Аялалд оролцох бол өмнө нь 99022416-руу холбогдож заавал бүртгүүлээрэй.

PS: Энэ зургийг санаж байна уу, авахуулж байсан үеэс нь 3 жил өнгөрсөн байна.

Алаг хүн

5/18/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 3 Comments

Клубын нэг уулзалтан дээр сэтгүүлч Х.Болор-Эрдэнийн “Улаан хүн” өгүүллэгийг уншиж, өөр хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлэх явцад өгүүллэгийн хэллэг энгийн боловч илэрхийлсэн санаа нь надад тулгардаг асуудлуудыг маш ойлгомжтой, сонирхолтойгоор тавьсан байсан. Өөрөөр хэлбэл миний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, амьдралын үнэт зүйлс, үзэл бодол бүрэлдэн төлөвшихөд бусад хүмүүс болон нийгмийн зүгээс нөлөөлдөг нөлөөллийг бүдүүвчлэн гаргасан мэт. Тэгэхээр энд би өөрт төрсөн бодлоо бусадтай хуваалцахыг хүссэн юм.

Тус өгүүллэгт гардаг маш эртний уламжлалтай гэх солонгийн долоон өнгийн Улаан, Шарын бүлэг нь хуучны зан заншил, соёл уламжлал дээр тогтсон амьдралын хэв маяг, үзэл суртлыг илэрхийлж байна. Энэ нь аливаа зүйлсийн цаад учир шалтгаан, мөн чанарыг нь сайтар мэдэхгүй атлаа уламжилж ирсэн үзэл бодол, амьдралын хэв маягийг хувь хүнд шууд тулгаж, түүнээс гажсан нэгнийг олон хэлбэрээр шийтгэж, залхааж байдаг хэлбэрийг илтгэнэ. Өөрөөр хэлбэл хувь хүмүүсийг нэгэн хэвэнд цутгасан мэт адил байхыг шаардаж, үүнээс зөрсөн тохиолдолд хувь хүний эрх, эрх чөлөөг булааж авахаас ч буцдаггүй. Миний өдөр тутмын амьдралд хэн нэгнээс энэ мэт дарамт шахалт ирдэг. Тухайлбал ах маань хуучны Монгол заншил нэрээр надад таалагддаггүй олон зүйлийг хийлгэхийг хүсдэг. Түүнд Монгол зан заншлаа надад хүчээр заах нь чухал болохоос миний дуртай, дургүй байгаа нь тийм ч чухал биш.

Цагаан сараар л гэхэд ууцны мах эвдэж суруулахаар бүтэн оройжин махтай ноцолдуулж, гарыг минь амьтны цусаар будсан. Энэ надад сайхан байгаагүй ээ.
Мөн өгүүллэгт хүүхдүүд төрөхдөө яг ижил өнгөтэй төрдөг боловч өсөж, томрохын хэрээр өнгө нь өөрчлөгдөж, хэрвээ эцэг эхээсээ өөр өнгөтэй бол тэрхүү өөрийн хувирч буй өнгийн бүлэгт хаягдах зовлонг амсдаг тухай дурдсан байдаг. Энэ нь гэр бүл, найз нөхөд, нийгмийн зүгээс хуучны гэх тэрхүү зан заншил, соёл уламжлал, амьдралын хэв маягаас гажсан тохиолдолд шийтгэл хүлээлгэж байдгийг илтгэжээ. Миний бодлоор хувь хүний үзэл бодол, эрхэмлэх зүйлс нь түүний амьдралын явцад бүрэлдэн тогтдог болохоос төрөхдөө уламжилж ирдэг юм биш. Тиймээс ч хүн амьдралдаа маш олон сонголт хийх боломжийг эдэлж байдаг. Гэтэл урт удаан хугацаанд ноёрхсон Улаан, Шарын мэт амьдралын хэв маяг нь хувь хүнд тэрхүү сонголт хийх боломжийг төрөхөд нь л үгүй хийж байна. Учир нь өөрсдийн менталитетийг тухайн хүүхэд шууд хүлээж авахыг тулган, өөрсдийн амьдралын хэв маягаар явахыг шаардаж байна. Ингэснээрээ сонголт хийж мэддэгүй, аливаа зүйлийн цаад мөн чанарыг тунгаан боддогүй, бусдыг аялдан дагагч нэгнийг багаас нь бэлтгэж, хувь хүний эрх, эрх чөлөөг боймилж, амь бөхтэй оршин буй тэрхүү нийгмийн залгамж халааг бэлдэж байна. Үнэндээ эдгээр бүлгүүдэд хамаарах хүмүүс тухайн амьдралын хэв маягийн үнэн дүр төрхийг сайтар мэддэгүй, зөвхөн тийм л байх ёстой гэсэн үзэл бодлоор бүх зүйлд ханддаг, нэг ёсны амьгүй албатууд болж төлөвшдөг. Үүний тод жишээ нь төвлөрсөн төлөвлөгөөт социалист нийгмийн төлөвлөгдсөн зарим иргэд юм.

Харин би энэ хэв маягийг эдвэх ёстой гэдгийг илэрхийлэгч алаг хүн байхыг хүсч байна. Алаг хүн хэдий болзол тавьж, Улбар шар хүнд тусалдаг боловч “үнэгүй юм гэж байдаггүй” гэдгийг мэддэг, шинийг эрэлхийлэгч, амьдралдаа идэвхитэй ханддаг, нөхцөл байдалд амархан зохицдог, эрх чөлөөгөө бүрэн мэдэрсэн хувь хүний жишээ болж байна. Алаг хүн амьдралын баяр баясал, хөгжил цэнгэлийг мэдэрдэг, түүндээ тэмүүлдэг, энэ нь ч түүний индивидуаль байдалтай холбоотой байх. Тиймдээ ч би өөрийнхөө эрх, эрх чөлөөг мэдэрч, бусдад садаа болохгүй, хэн нэгний төлөвлөснөөр амьдрахгүй, өөрийн сонголтоор амьдрахыг хичээдэг.

Клубын нэг гишүүнээс ирүүлэв.

Өөрчлөх боломж

5/13/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment



Тайлбар: Энэ бол клубын гишүүн Номин миний нэгдэж буй байр суурь болохоос "Хөгжицгөөе" клубын нийт гишүүдийг байр суурийг илэрхийлэхгүй болно.

Эх сурвалж хэн авмаар байна!

3/09/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

Та бүхнийг түрүүчийн уулзалт дээр зарласан жижиг тэмцээнд бэлдэж байгаа гэж найдаж байна. Өөрт тохиолдсон ямар нэг тохиодлыг өөрийн үзэл бодол, үнэт зүйл, итгэл үнэмшилдээ тулгуурлан дүгнэлт хийсэн эссэ маягийн зүйл бичиж ирүүлэхийг хүссэн байгаа. Шагнал нь "Эх сурвалж" ном. Эссэ хүлээж авах сүүлийн хугацаа 12-ний Пүрэв гараг дуустал. letsdevelop@gmail.com юмуу хөтлөгч Номин миний хаягруу явуулж болно.

Дашрамд хэлэхэд энэ долоо хоногийн лекц 14-ний хагас сайнд 13.00 цагт Хууль зүйн сургууль дээр "Иргэний нийгэм, ардчиллын тухай" сэдвээр болно.

Эх сурвалж

2/24/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments

Айн Рэндын аугаа бүтээлүүдийн нэг болох "Эх сурвалж" зохиолыг Номин миний бие тун саяхан ээжтэйгээ булаацалдан байж уншиж дуусгалаа. Уншиж байхад ихэвчлэн дарамттай, бас ичмээр, өрөвдмөөр, хэт онож хэлсэнээс нь болоод ганцаараа чанга инээмээр, заримдаа бүүр уйлмаар ч юм шиг мэдрэмж төрж байлаа. 1984-г зарим үед санагдуулж байсан ч, төгсгөлд нь үнээр урам өгсөн зохиол.
Өөр зүйл хэлмээргүй байна, зүгээр л уншаад үзээрэй гэж зөвлөе. Илүү дэлгэрэнгүйгээр номыг уншигчдын уулзалт ч юмуу клубынхээ уран зохиолын өдрөөр ярилцацгаана гэж найдаж байна.

Уншсан хүнд ямар нэг зүйл "халдварлана" гэдэгт итгэлтэй байна.


Номын эрхлэн хэвлэн гаргагч Монголын Либертари сан номыг ингэж танилцуулжээ:
Эх сурвалж романы ерөнхий өгүүлэмж нь Ховард Роаркийн дүрээр архитектур буюу уран барилга дахь шинэ хуучин хэв маяг, үзэл санааны тэмцэлийн тухай өгүүлсэн мэтээр ойлгогдох юм. Залуу архитектурч Роарк чухамхүү хуучинсаг хэвшмэл стандарт, дундаж зууны уран барилгын хэв маягийг эсэргүүцэж буй хэдий ч үнэн чанартаа түүний тэмцэл нь коллективист үзлийн эсрэг тэмцэж буй индивид буюу хувь хүнийг харуулахыг Айн Рэнд зорьсон ажээ. Нэг үгээр хэлбэл, Эх сурвалж нь коллективизм, альтуруизмын худал хуурмаг тал; эгоизм, индивидуализмын үзэл санааг хоёргүй утгаар магтан дуулсан; философи, социологи, ёс зүй, гоо зүй, сэтгэл зүйн асуудлуудыг хөндсөн хүчирхэг роман юм. Энэ ч утгаараа роман АНУ-ын оюунлаг хүрээнийхний дунд ширүүн маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж байжээ. Монгол уншигчдын дунд ч гэсэн басхүү ширүүхэн маргаан өрнөх нь дамжиггүй юм.

Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа - 2009

2/17/2009, Posted by Хөгжицгөөе клуб, 2 Comments

Цуврал нээлттэй лекц - ярилцлага

Эрх чөлөөг эрхэмлэгч залуусын "Хөгжицгөөе" клубээс Эрх чөлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа - 2009 нээлттэй цуврал сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь залууст хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, ардчилал, эрх зүйт ёс, иргэний нийгмийн талаарх мэдлэг олгож, нийгмийн аливаа асуудалд эрх чөлөөний зарчим, иргэний эрхийн үзэл баримтлалаар хандах, арга зүйд суралцуулах, чөлөөт нийгмийн үзэл санааг дэмжигч залуусын хүрээг тэлэх зорилготой юм.
Лекцүүдийг бидний үзэл санааг дэмжигч багш нар чиглүүлэн явуулна. Клубын бүх гишүүд, сонирхсон хүн бүр оролцох боломжтой.

Хугацаа: 4 долоо хоног /2009 оны 3-р сарын 7, 14, 21, 28 өдрүүдэд 13.00 цагт/
Болох газар: МУИС- Хууль зүйн сургуулийн 101 тоот танхим

Лекцийн сэдэв
1. Эрх чөлөөний тухай
2. Иргэний нийгэм, ардчиллын тухай
3. Хувийн өмч, чөлөөт зах зээлийн тухай
4. Шударга ёс, эрх зүйт ёсны тухай

Хөгжицгөөе клубын бүх гишүүдийн уулзалт

2/10/2009, Posted by Хөгжицгөөе клуб, No Comment

Хөгжицгөөе клубын бүх гишүүдийн уулзалт болох гэж байна. Уулзалтанд хуучин гишүүд болон клубын үйл ажиллагааг сонирхож буй бусад залуус хүрэлцэн ирэх боломжтой.

Уулзалтанд хүрэлцэн ирснээр:
• Бидний үнэт зүйлс, зарчим
• Бидний түүх
• Бидний цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах болно.

Хэзээ: 2009 оны 2-р сарын 12-ны өдөр 18 цагт
Хаана: МУИС - Хууль зүйн сургуулийн 302 тоот танхим.